АЭБС-ийн тухай

АЛСЫН ХАРАА- НОГООН ИХ СУРГУУЛЬ 

ЭРХЭМ ЗОРИЛГО 
“ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулсан тэргүүлэх их сургууль болно”  

СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД  

1.    Менежментийн чадавхийг хөгжүүлэх замаар түүний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх 
2.    Сургалтын чанар технологийг сайжруулах 
3.    Судалгааны ажлыг өргөжүүлж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх 
4.    Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг хангаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх 
5.    Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх

 
ҮНЭТ ЗҮЙЛС 

Сайн нээлттэй засаглал 
Академик эрх чөлөө 
Хүмүүний болон оюуны нөөц 
Шинэ, бүтээлч сэтгэлгээ 
Манлайлал, ёс зүй 

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 
Монгол Улсын ХААИС нь эрдэм шинжилгээний тэргүүлэх 5 хүрээлэн, бүрэлдэхүүний 6 сургуультай. Тэдгээрийн нэг Дархан дахь Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн нь (УГТХ) газар тариалангийн тов бүсэд 1948 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа эрдэм шинжилгээ, дээд боловсролын бие даасан байгууллага юм. 

2014 онд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн хүрээнд тус хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. Одоо тус хүрээлэн нь Агро экологи, бизнесийн сургууль, Эрдэм шинжилгээний төв, Үйлдвэрлэл-Инновацийн төв, Улаангом дахь эрдэм шинжилгээний салбар гэсэн үндсэн 4 нэгжтэйгээр эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдмэл холбоог сайжруулан ажиллаж байна. 

Өнөөдөр манай хүрээлэнд нийт 235 ажиллагсад байгаагаас 63 эрдэм шинжилгээний ажилтан, туслах ажилтан, лаборант, 86 багш ажиллаж байна. Нийт багш, ЭШ-ний ажилтнуудын 22 хувь нь эрдмийн зэрэг цолтой буюу ШУ-ны доктор 1, боловсролын доктор 21, профессор 2, дэд профессор 8, докторант 49, магистр 56, магистрант 12 тус тус ажиллаж байна. 

Агроэкологи, бизнесийн сургууль 
Тус сургууль нь 1969 оноос хойш 20 гаруй мэргэжлээр 6574 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаад байна. Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай лицей ангийг 500 гаруй сурагч төгсөж их, дээд сургуулиудад элсэн суралцсан. Одоо бакалавр, магистрын зэргийн сургалтыг өдөр, эчнээ, экстернат хэлбэрээр явуулж, нийт 19 мэргэжлээр 850 гаруй оюутан суралцаж байна.   
Тус сургууль нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүрээлэн буй орчны мониторингийн шинжилгээ, ойжуулалт, усны ай савын нэгдсэн судалгаа, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг төсөл хэрэгжүүлж байна. Сургуулийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт-судалгаа- үйлдвэрлэлийн түншлэлийг бэхжүүлэх үүднээс мэргэжлийн тэнхимүүдийн дэргэдэх “Зайны тандан судалгаа ба газрын мэдээллийн сан” төв,  “Бизнес судлалын төв”, “Экологийн сургалтын төв”, “Хүнсний ногоо дахин боловсруулах төв”, "Ногоон гэр түншлэл төв" зэрэг төрийн бус байгууллагууд төсөлт болон гэрээт ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна. 

ТҮҮХИЙН ТОВЧООН 

1948 онд Орхон голын хөндий Бургалтайд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ХАА-н туршлага станцыг байгуулсан нь Монгол оронд газар тариалангийн шинжлэх ухааны байгууллага хөгжих эхлэл болсон.  
1963 онд тус станцын өргөтгөл Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотод УГТХ-г байгуулсан түүхтэй  
1984 онд тус хүрээлэнг Дархан хотод шилжүүлэн орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн барилга байгууламж ашиглалтанд орсон нь хөгжлийн өнөөгийн дүр төрхийг олох гол нөхцөл бүрдүүлсэн  
Улс ардын аж ахуйн хөгжилд газар тариалан, бэлчээрийг усжуулах асуудал онцгой тавигдаж байсан үед усны аж ахуйн техникумыг Төв аймгийн Архустад 1969 байгуулсан. Тус техникум Сэлэнэ аймгийн Шарын гол хотоор дамжин 1984 онд Дархан хотод шилжин суурьшсан. Тус сургууль байгуулагдсан цагаасаа усны аж ахуй, цаг уур судлал газар зохион байгуулалтын салбарын анхны мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болно. 
1991 онд УАА-н техникумыг ХАА-н коллеж болгон өөрчилснөөр газар тариалан, ус судлал, усны аж ахуй, цаг уур судлал, газар зохион байгуулалт, байгаль орчин хамгаалал (Монгол улсад анх удаа)-ын салбарын дээд боловсролын мэргэжилтэн бэлтгэх болсон. 
1993 онд Засгийн газрын 101 тогтоол, ХХАА, ШУБЯ-ын сайдын 215/16 тушаалаар Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа УГТХ, ХАА-н, коллежийг нэгтгэн Ургамал Газар Тариалангийн Сургалт Эрдэм Шинжилгээний Хүрээлэн байгуулсан. Энэ үеэс УГТСЭШХ нь эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн хэсэг гэсэн 3 үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж 2001, 2007 онуудад дээд боловсролын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. 
Улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж 2011 онд тус хүрээлэн УГТХ, ХААИС-ийн харъяа ХАА-н сургууль, болгон өөрчилсөн боловч уг үйл ажиллагаа нь хууль бусаар явагдсан нь тогтоогдож 2013 онд дахин нэгтгэсэн. 
2015 онд хийгдсэн ШУ-ын байгуулагуудын шинэчлэлт өөрчлөлтийн хүрээнд УГТСЭШХ-г УГТХ болгон, ЭШ-ийн нэгж, үйлдвэрлэл судалгааны нэгж, Агроэкологи бизнесийн сургууль, Улаангом дахь ЭШ-н салбарын нэгжтэй байхаар зохион байгуулсан. Удирдах зөвлөл 2014 оны12 сарын 12-ны өдрийн хуралдаанаар УГТХ-ийн үндсэн бүтцийг ЭШ-ийн төв, үйлдвэрлэл инновацын төв, Агроэкологи бизнесийн сургууль, Улаангом дахь ЭШ-н салбар байхаар тогтоож, УГТХ-г 2016-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө батлагдсан. 
2017 онд тус хүрээлэнгийн бүтэцийг дахин өөрчилж УГТХ, ХААИС-ийн бүрэлдэхүүний Дархан дахь Агроэкологи бизнесийн сургууль болгосон нь БСШУЯ-ны сайдын 2015 оны 9 сарын 02-ны өдрийн А/337 тушаалыг зөрчсөн нь тогтоогдсон тул 2019 онд дахин хууль ёсны бүтцэд нь оруулсан болно