Европын Холбооны Эрасмус+ (ERASMUS+) Дээд боловсролын байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ- Монгол- Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг түргэсгэх нь” (DIGITAL MOVE) төсөл 2022 оноос эхлээд 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Уг төслийн хүрээнд сургуулийн Дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөөг боловсруулж, Европын холбооны дижитал ур чадварын стандартын дагуу 15 сургагч багшийг бэлтгэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификат олгохоос гадна багш, судлаач, оюутнуудын дижитал ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд Монгол, Вьетнам болон Европын Холбооны улсуудад зохион байгуулагдах юм.
Түүнчлэн цахим сургалтын мультимедиа танхим байгуулах, Цахим сургалтын арга зүйн төв байгуулах, цахим болон танхим хосолсон сургалтын шинэлэг арга зүйгээр мэргэжлийн хичээлүүдийг сайжруулах зэрэг олон ажлууд хийгдэх юм.
Энэхүү төсөлд Монгол улсаас Сити их сургууль, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Оточ Манрамба их сургууль, Эрдэнэт “цогцолбор” дээд сургууль, Францын Коте Де Азурын их сургууль, Словакын Косайзын Техникийн их сургууль болон Вьетнамын сургуулиуд түншээр оролцон хамтран хэрэгжүүлж байна. Европын холбооны улсуудад туршлага судлах эхний сургалт Дижитал MOVE төслийн түнш Францын Коте Де Азурын их сургуульд 2023 оны 11-р сарын 13-наас 17-ны хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай сургуулиас Газар тариалан технологийн тэнхимийн эрхлэгч Т.Азжаргал, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Батсүх, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас нар оролцож байна.