Мэндчилгээ

Цахим хуудсаар уулзаж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Орчин цагийн дээд боловсролын олон улсын чиг хандлага нь сургалтын их сургуулиас судалгааны их сургууль, судалгааны их сургуулиас баялаг бүтээгч энтрепренер их сургууль болон хөгжихөд чиглэгдэж байна.
Үүний тулд дээд боловсролын байгууллага сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хосолмол тогтолцоонд үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарч байна.
ХААИС-ийн Дархан дахь салбар Агроэкологи бизнесийн сургууль газар тариалангийн шинжлэх ухааны тэргүүлэх хүрээлэн Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй 1993 оноос хойш ХААИС-ийн нэгэн дээвэр дор хамтын үйл ажиллагаагаа дээр дурьдсан гурвалсан тогтолцоогоор явуулж ирсэн баялаг туршлагатай.
Цаашид бид сургуулиа тогтвортой, ногоон хөгжлийн үзэл баримтлалаар нээлттэй, энтрепренер их сургууль болгон хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдон хүрээлэн буй орчин судлал, хамгааллын асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийн технологи, арга зүйг бүх салбарт нэвтрүүлэх, хүн амын эрүүл хүнсний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хирээр газар тариаланг ухаалагжуулах, өндөр технологи нэвтрүүлэх нь улс орнуудын өмнө тавигдаж байгаа гол зорилт болж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан бүсчилсэн хөгжлийн бодлогод бүс нутгийн их сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байдлаар хөгжүүлэх шийдвэр гарч, энэ ажлын хүрээнд Дархан хотод 30 га газар олгогдон олон улсын жишигт нийцсэн их сургуулийн хотхоны техник эдийн засгийн үндэслэл хийгдэж байна.
Бид гадаад, дотоод хамтын ажиллагаагаа салбар дундын судалгаа хийх замаар өндөр технологид шилжүүлэх, дадлагад суурилсан сургалтын арга зүйг түлхүү нэвтрүүлэх, сургалтын цахим шилжилтийг эрчимжүүлэх, суралцагсдад ажиллангаа суралцах боломж олгоход илүү анхааран ажиллаж байна.
Бидэнтэй хамтран ажиллах, манайд суралцахыг хүсэж байгаа хэн бүхэнд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Хүндэтгэсэн П.Ганхуяг
(ХААИС-ийн Дархан дахь салбар Агроэкологи бизнесийн
сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор)