МОНГОЛ УЛСАД ЗЭРГИЙН БУС СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

“Монгол Улсад зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь: Дээд боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн хөгжилд чиглэсэн стратеги, бодлого, туршлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь бичил зэрэг (Micro-credential)-ийн хөгжүүлэлтийн чиглэлээр байгууллагын чадавхыг бэхжүүлэх, Европын Холбооны болон үндэсний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мөн ДОМАНИ төслийн гол оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой байв. Сургалт, хэлэлцүүлэгт дээд боловсролын байгууллага, төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий нийт 30 орчим оролцогч хамрагдан, зэргийн бус сургалтын стратегийн баримт бичиг болон бодлогын зөвлөмж боловсруулах чиглэлээр санал солилцов.
Арга хэмжээний хүрээнд хоёр удаагийн интерактив дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулагдсан нь оролцогч талуудын дунд үр дүнтэй хэлэлцүүлгийг өрнүүлэх чухал үйл ажиллагаа болсон юм Эхний хэлэлцүүлгээр Монгол Улс дахь зэргийн бус сургалтын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, бодлогын зохицуулалт хангалтгүй, магадлан итгэмжлэлийн нэгдсэн тогтолцоо дутмаг, ажил олгогчдын ойлголт, мэдлэг бага зэрэг тулгамдсан асуудлуудыг тодорхойллоо. Үүний зэрэгцээ уян хатан сургалтын боломж болон дижитал ур чадварын хэрэгцээ өсөн нэмэгдэж буй нь чухал боломж хэмээн онцлов.
Хоёр дахь хэлэлцүүлгээр зэргийн бус сургалтыг Монголын дээд боловсрол болон мэргэжлийн сургалтын тогтолцоонд нэвтрүүлэх замын зураглалыг хэлэлцэв. Оролцогчид бодлого боловсруулах, байгууллагын бэлэн байдлыг хангах, туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг практик алхмуудын талаар санал солилцсон байна.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь зэргийн бус сургалтын хөгжлийн талаар нэгдсэн ойлголтыг бий болгож, үндэсний стратеги боловсруулах суурийг тавьсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Арга хэмжээний төгсгөлд оролцогчид цаашдын хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлж, Монгол Улсад суралцагч төвтэй, уян хатан, ур чадварт суурилсан зэргийн бус сургалтын үндэсний тогтолцоог хөгжүүлэх нийтлэг зорилгоо бататгав