ДОМАНИ чадамжийн хүрээ боловсруулах сургалт Төв Европын Их сургуульд амжилттай зохион байгуулагдлаа.

DOMANI төслийн консорциумын түнш байгууллагуудын гурван өдрийн уулзалт болон writeshop 2025 оны 8 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хот дахь Төв Европын Их Сургууль (CEU)-д амжилттай зохион байгуулагдлаа. Унгарын Систем Инновацийн Төвийн зохион байгуулсан тус уулзалт нь цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд түнш их сургуулиудын төлөөлөл, чанарын баталгаажуулалтын байгууллагууд болон урилгаар оролцсон шинжээчдийг багтаасан нийт 22 хүн оролцсон ба тус сургуулийг төлөөлж Бизнес удирдлагын тэнхимийн эрхлэгч доктор Ц. Бурмаа, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас нар оролцлоо.
Уулзалтын гол зорилго нь ажлын багцуудын уялдаа холбоог бэхжүүлэх, чадамжийн хүрээ боловсруулах, бичил зэрэг, чанарын баталгаажуулалт, менторшип болон түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холбоотой стратегийн асуудлуудыг хэлэлцэхэд чиглэв.
Уулзалтын эхний өдөр ажлын багцуудын хэрэгжилтийн явцыг танилцуулж, менторшипийн хөтөлбөр ба загвар, элсэлтийн систем, бичил зэргийн загварын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хоёр дахь өдөр DOMANI чадамжийн хүрээг боловсруулахад төвлөрч, DIGCOMP, GREENCOMP, ENTRECOMP болон Systems Innovation зэрэг олон улсын ур чадвар, чадамжийн хүрээнүүдийг судалж, туршлага солилцов. Хамтарсан хэлэлцүүлгүүдийн үр дүнд дөрвөн үндсэн кластер, 32 ур чадвар бүхий чадамжийн хүрээний анхдагч хувилбарыг боловсрууллаа.
Сүүлийн өдөр анхдагч чадамжийн хүрээг бодит хэрэглээ, сургууль тус бүрийн жишээн дээр туршин сайжруулалт хийлээ

