Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

 Дээд боловсролын тогтолцоо нь боловсронгуй, дээд боловсролтой мэргэжилтэн нь чанартай байх нь манай боловсролын салбарын нэгэн чухал тулгамдсан асуудал мөн. Зах зээлийн эрэлтэд биш, нийлүүлэлтэд тулгуурлсан нүсэр бүтэцтэй дээд боловсролын тогтолцооноос төгсөн гарч буй оюутнууд олон мянгаараа ажилгүйчүүдийн эгнээнд элсэн орж байгаа нь нууц биш. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Эрдмийн үндэс гашуун ч эцсийн үр дүн нь урамтай” гэж хэлсэн байдаг. Бид үндсийг нь ч, үр дүнг нь ч гашуун байлгадаг байж таарахгүй. Энэ тогтолцоог зах зээлийн эрэлтэд нь нийцсэн боловсон хүчин гаргадаг, төгсөгч нь ажлын байртай болгодог болгож өөрчлөх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

 

 

Дээд боловсрол олж байгаа нь ч, олгож байгаа нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа чанарыг эрхэмлэж, дэлхийн хаана ч очсон өрсөлдөх чадвартай, өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргадаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллая.Бид дээд боловсролын үнэлэмжийг дээшлүүлж, энэ салбарт эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийхийг амьдрал та биднээс нэхэж байна.

Их, дээд сургууль нь эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын төв болохоос гадна үйлдвэрлэл, бизнесийн холбоог тогтоосон, түүнд боловсон хүчнээ нийлүүлдэг уурхай болон хөгжих ёстой.Иймээс хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцахаар сонголтоо хийсэн, зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцэж байгаа оюутан залуучуудаа та бүхэн өндөр хариуцлагатай суралцаарай, бас хичээгээрэй.

Манай сургуулийн эрдмийн хамт олон Таны ирээдүйн зорилгыг биелүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно.Хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээг  хангаж байдаг, Монгол зоны эдийн засгийн хамгийн идэвхитэй салбар Хөдөө аж ахуйн  мэргэжилтэн болохоор сэтгэл шулуудсан таны сонголтонд талархаж байна.

Хөгжлийн хамгийн ирээдүйтэй Найрамдлаар овоглосон ногоон хөгжлийн төлөөх манай их сургуульд элсэн суралцана гэдэгт бид итгэлтэй байна.