Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй DOMANI төслийн хүрээнд 2025 оны 4-р сарын 18-нд Дархан-Уул аймагт “Монгол улсын зэргийн бус бичил кредитийн сургалтын экосистем: дээд боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэх стратеги, бодлого, практик” сэдэвт хэлэлцүүлэг семинар амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү семинарын зорилго нь Европын Холбооны улсуудын шилдэг туршлага болон дотоодын туршлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлж зэргийн бус бичил кредитийн сургалтанд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжин, дээд боловролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх юм. Мөн их сургууль, аж үйлдвэрийн салбар, хувийн хэвшил, төрийн байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэхийн зэрэгцээ, зэргийн бус бичил кредитийн сургалтын стратегийн баримт бичиг, бодлогын удирдамж боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг зорьсон.
Семинарын үеэр зэргийн бус бичил кредитийн сургалтанд оролцогч төрийн болон хувийн байгууллагын төлөөллийг нэг дор цуглуулж, стратегийн баримт бичиг болон бодлогын зөвлөмж боловсруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж олон чухал үр дүнд хүрлээ.
Семинарын үеэр DOMANI төслийн зохицуулагч Эстони улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Нээлттэй Их сургуулийн захирал, Кристина Марран, мөн төслийн түнш Унгарын Системийн Инновацийн Төвийн захирал Аттила Катона нар оролцож, Европын холбооны зэргийн бус, бичил кредитийн сургалтын хөтөлбөрийн бодлогын хүрээ, хэрэгжилтийн стратеги, чанарын баталгаажуулалтын туршлагаас хуваалцлаа.
Үүний дараа Монголын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Б.Басбаяр нь Монгол Улсын магадлан итгэмжлэлийн тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, зэргийн бус бичил сургалтыг хэрхэн зохицуулж буй талаарх танилцууллаа. Мөн Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын бодлого, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын албаны дарга доктор С. Булгантамир нь тус их сургуулийн зэргийн бус бичил кредитийн хөтөлбөртэй холбоотой дотоод журам, зохицуулалтыг танилцуулсан бөгөөд энэ нь их, дээд сургуулиуд бичил кредитийн сургалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулсан бодит жишээ боллоо.
Семинарын үеэр хоёр үе шаттай дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба эхний хэлэлцүүлэгт Монголын зэргийн бус бичил кредитийн сургалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, бодлогын орчин, магадлан итгэмжлэлийн стандарт, ажил олгогчдын ойлголт, хүлээн зөвшөөрөлтийн асуудлуудыг хөндлөө. Үүний зэрэгцээ сургалтыг уян хатан зохион байгуулах хэрэгцээ, насан туршийн суралцагчдын дижитал ур чадвараа хөгжүүлэх эрэлт өсч байгааг боломж гэж тодотгов. Хоёр дахь хэлэлцүүлгээр зэргийн бус бичил кредитийн сургалтын Монголын дээд боловсрол, мэргэжлийн сургалтын тогтолцоонд хэрхэн тодорхойлох талаар хэлэлцэж, бодлогын шинэчлэл, байгууллагын бэлэн байдал, туршилтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлсон.Энэхүү семинар нь Монгол Улсад зэргийн бус бичил кредитийн сургалтын үндэсний стратеги боловсруулах үндэслэл, нийт оролцогчдын ойлголт, хамтын уялдаа холбоог бэхжүүлэх алхам болж өглөө. Мөн семинарын төгсгөлд оролцогч талууд хамтран ажиллах, чадавхыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлага солилцох, ирээдүйд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр санал солилцсон. Семинарын оролцогчид илүү уян хатан, хүртээмжтэй, ур чадварт суурилсан боловсролын шинэ тогтолцоог бий болгоход чиглэсэн нийтлэг зорилгод нэгдэж, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн, суралцагчдыг дэмжих үндэсний зэргийн бус бичил кредитийн сургалтын тогтолцоог хөгжүүлэхийн төлөө цаашид тууштай хамтран ажиллахаа илэрхийллээ.