Итали улсын Катаниагийн их сургуульд зохион байгуулагдаж буй ДОМАНИ төслийн олон улсын зуны сургалтанд багш, оюутнууд оролцож байна.

Европын Холбооны Эразмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй ДОМАНИ төслийн “NATURATION: Nature-Based Urban Regeneration” олон улсын зуны сургалт 2026 оны 9 дүгээр сарын 14-27-ны өдрүүдэд Итали улсын Катаниа хотод зохион байгуулагдаж байна. Тус зуны сургалтанд ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийг төлөөлөн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Содгэрэл, багш Ю. Ариунтунгалаг болон КОСЭН хөтөлбөрийн эрхлэгч Х.Ариунсанаа, Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ-3 ангийн оюутан Ч.Энхсанаа, Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ-4 ангийн оюутан Ж.Мягмар, Коосэн хөтөлбөрийн оюутан Н.Энхлэн нар оролцож байна.
Зуны сургалт нь байгальд суурилсан хотын шийдэл, биологийн олон янз байдал, экосистемийн менежмент, хүрээлэн буй орчны засаглал болон тогтвортой хөгжлийн асуудалд чиглэж байна. Оролцогчид төслийн Европ, Монгол, Украин, Япон улсын түнш их сургуулиудын багш, судлаачдын лекц, практик сургалт болон мэргэжлийн зөвлөгөөнд хамрагдаж байна. Мөн Катаниа хотын жишээн дээр талбайн сургалтанд хамрагдаж бодит нөхцөлд тулгуурласан кейс судалгаа, багийн ажил, хэлэлцүүлэгт оролцож, боловсруулсан шийдлүүдээ танилцуулан суралцаж байна.
2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ДОМАНИ төслийн Удирдах зөвлөлийн хурал танхим болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулагдав. Хурлаар төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн өнөөгийн байдал, ажлын багцуудын хүрээнд хэрэгжүүлсэн болон цаашид хийгдэх үйл ажиллагаа, зэргийн бус сургалтын хөтөлбөрийн материал, үнэлгээ, магадлан итгэмжлэлийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн DO_Learn цахим сургалтын платформд хичээлийн агуулга байршуулах, зэргийн бус сургалтын хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах, төслийн санхүүгийн тайлагнал, эрсдэлийн удирдлага болон 2026-2027 онд зохион байгуулах хамтарсан үйл ажиллагааны талаар санал солилцов.
Төслийн удирдах зөвлөлийн хуралд Агроэкологи, бизнесийн сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Дагиннас цахимаар, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Содгэрэл болон КОСЭН хөтөлбөрийн эрхлэгч Х.Ариунсанаа нар биечлэн оролцов. Тэд 2027 онд Дархан хотод, Агроэкологи, бизнесийн сургуулийн дээр зохион байгуулагдахаар төлөвлөж буй ДОМАНИ төслийн олон улсын хакатоны зорилго, үндсэн чиглэл, хөтөлбөр болон зохион байгуулалтын бэлтгэл ажлыг консорциумын гишүүдэд амжилттай танилцууллаа.
Олон улсын зуны сургалт нь багш, оюутнуудын тогтвортой хөгжил болон байгальд суурилсан шийдлийн талаарх мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түнш их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтарсан сургалт, судалгааны ажлын үндэс суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.



